0-3 нас хүртэлх хүүхэдтэй эцэг эхчүүд анхаарлаа хандуулаарай.
3-с доош насны хүүхдүүдэд хэзээ ч өгч болохгүй хоол хүнсний талаар бэлтгэлээ.
1. ТҮҮХИЙ СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН
Бага насны хүүхдийн, тэр тусмаа дархлаа сул байгаа хүүхдийн хэзээ ч хэрэглэж болохгүй зүйлсийн нэг бол түүхий сүү, сүүн бүтээгдэхүүн юм. АНУ-н өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр үхэр, ямаа, хонь болон бусад хөхтөн амьтдын түүхий сүүнд “ хоол хүнсээр дамжин өвчин үүсгэх магадлалыг 150 дахин ихэсгэдэг үхлийн аюултай эмгэг төрүүлэгч Сальмонелла, Листерия, Кампилобактер зэрэг бичил биетүүд байдаг “ хэмээн онцолжээ.
2. БЭЛЭН БОЛОН ТҮРГЭН ХООЛ
Бага насны хүүхдүүдийн хамгийн дуртай идэх хоол бол түргэн хоолнууд байдаг. Хүүхдээ түргэн хоолоор хооллохоос аль болох зайлсхийсэн нь дээр. Түргэн хоолны ихэнх нь тос ихтэй, хэт чихэрлэг, мөн давс, амтлагч ихтэй байдаг. Үүний улмаас чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны зэрэг бусад өвчнүүдэд өртөх эрсдэл хөврөн гардаг.
3. ХИЙЖҮҮЛСЭН УНДАА
Хийжүүлсэн ундаа нь ямар ч тэжээллэг чанаргүй, хэт өндөр илчлэгтэй байдаг тул хүүхдийн шүд цоорох, чихэрлэг ундаанаас хамааралтай болгож донтуулах, яваандаа хүүхдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх зэрэг эрсдэлтэй болохыг судалгаагаар нотолжээ.
4. САМРЫН ТОС
Газрын самарны тосыг 3 нас хүрээгүй хүүхдэд өгөх хэрэггүй бөгөөд энэ нь ирээдүйд харшил үүсгэх магадлалтай байдаг.
5. ЗЕФИР - МАРШМЕЛЛОУ
Маршмэллоуд маш их элсэн чихэр агуулагддаг бөгөөд энэ нь хүүхдийн шүдэнд муугаар нөлөөлөхөөс гадна чихрийн нөлөөгөөр хоолны дуршилгүй болгодог. Мөн хүүхэд хахах аюултай байдгийг санах хэрэгтэй.
6. БОХЬ
Америкийн анагаах ухааны академиас бохийг хүүхдэд өгөхгүй байхыг зөвлөж байна. Учир нь 3 хүртэлх насны хүүхдүүд бохинд хахах эрсдэлтэй байдаг. Мөн бохь нь сахарын агууламжтай байдаг учир хүүхдийн шүд цоорох гол шалтгаан болдог байна.
7. ТҮҮХИЙ ЛУУВАН
Лууван нь бета-каротин, кали, В амин дэмээр баялаг боловч 3 хүртэлх насны хүүхдэд түүхийгээр өгөх нь хахах эрсдэлтэй байдаг. Иймээс лууванг жигнэж бага багаар өгөх нь зүйтэй юм.
8. ПОПКОРН, ШАГШУУРГА, ЧИПС
Чипс, шагшуурга, попкорн зэргийг 3 хүртэлх насны хүүхдүүдэд өгөхгүй байхыг эмч нар зөвлөдөг. Шагшуурга, чипс нь цадсан мэт мэдрэмж төрүүлж эргээд "тэжээллэг" хоолноосоо татгалзахад хүргэдэг. Мөн сахар давсны агууламж ихтэй тослог өндөртэй байдаг тул хүүхдэдээ чипс, шагшуурга зэргийг өгөхгүй байсан дээр.Үүний оронд жимс жимсгэнэ, ногоог хоолонд нь түлхүү хэрэглэх нь зүйтэй юм.
9. ШҮҮРХИЙ МАХ
Хүүхдийн ходоод насанд хүрэгчдийнхээс илүү бага хүчил ялгаруулдаг учир түүхий болон шүүрхий маханд байх элдэв нян бактерит өртөж өвчлөл үүсэх нь амархан байдаг. Иймээс бага насны хүүхдийн хоолны махыг сайтар болгож өгөх нь зүйтэй юм.
10. ТҮҮХИЙ ЗАГАС
Япончуудын дуртай үндэсний хоол болох Сүши, сашими зэрэг нь амттай, уураг болон омега-3 тосны хүчил агуулсан хоол хүнс боловч АНУ-ын Хүнс, эмийн газрын мэдээлснээр 5-аас доош насны хүүхдэд өгөхийг хориглосон байдаг. Хэдийгээр Япончуудын дуртай хоол хэдий ч тэд хүүхдэдээ 5 нас хүртэл нь дээрх хоолнуудыг өгөхөөс аль болох татгалздаг байна. Түүхий загас идэх нь гепатит, паразит халдвар, сальмонелла гэх мэт болзошгүй эрсдэлийг дагуулдаг бөгөөд үүнд хүүхдийн биеийн дархлаа тэмцэж чаддаггүй байна.
11. САМАР
Тав хүртэлх насны хүүхдэд хахах эрсдэлээс сэргийлж бүхэл самар өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдүүд самарнаас харшлах магадлалтай байдаг тул болгоомжтой байх нь чухал. Хэрэв танай гэр бүлд самарны харшилтай хүн байдаггүй бол хүүхдээ 6 сар хүрмэгц нь самарны нухаш өгч болно.
Эх сурвалж : https://mom.com/
Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.